НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжиж байна

February 26, 2025
Five panelists seated at a table during a discussion, with flags and a large screen behind them.
НҮБХХ

Улаанбаатар хот, 2025 оны 2 сарын 26 – Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Монгол Улсын Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, хөгжлийн түншүүд оролцож, асрахуйн үйлчилгээний тогтвортой санхүүжилтийг хэрхэн хангах, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр, асрах ажлын  ачааллыг бууруулах арга замуудыг хэлэлцэв.

Энэхүү хэлэлцүүлэг нь Бээжингийн тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой, мөн 2025 оны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд хөлсгүй асрах хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч буй ч хөлсгүй асаргааны ажил нь  эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжоор  хязгаарласан хэвээр байна. Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо (51.5%) эрэгтэйчүүдийнхээс (66.4%) бага байгаа бөгөөд гэр бүлд шинэ хүүхэд нэмэгдэх тусам энэ үзүүлэлт буурсаар байгааг судалгаанууд харуулж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 67,500 иргэн—голчлон эмэгтэйчүүд—өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг хөлсгүй асран халамжилж байна.

Conference auditorium filled with attendees, flags displayed, and a presentation screen visible.
НҮБХХ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Л. Энх-Амгалан "Асрахуйн эдийн засаг нь зөвхөн гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал төдийгүй улсын хөгжлийг дэмжих стратегийн чухал асуудал юм. Энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь гэр бүлийг дэмжээд зогсохгүй үндэсний эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, тэлэх боломжийг бүрдүүлнэ. Чанартай, хүртээмжтэй асрахуйн үйлчилгээг өргөжүүлэх нь илүү олон ажлын байрыг бий болгож, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой, уян хатан эдийн засгийн суурийг тавих чухал алхам болно" гэв.

A man in a wheelchair speaks at a podium, flanked by flags and chairs.
НҮБХХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж. Баясгалан “Хүн төрсөн цагаасаа насан эцэслэх хүртлээ хэн нэгнээр асруулж, халамжлуулах хэрэгцээ  зайлшгүй гардаг бөгөөд гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй энэ асран халамжлах хөдөлмөрийг эдийн засгийн агуулгаар нь харж, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлов. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газарт тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд асрах үйлчилгээ үзүүлэгчдийн тогтвортой санхүүгийн арга хэрэгслүүдийн зах зээлийн судалгаа, жендэрийн бондын хүрээний судалгаа зэрэг чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

A speaker stands at a podium with a United Nations logo, addressing an audience at a conference.
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэлцүүлгийн үеэр “Асаргааны ажил нь  зохих ёсны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Монгол Улсад энэ нөхцөл байдлыг өөрчлөх, асрах хөдөлмөрийг эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлд оруулах боломж байна. Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь зардал бус, харин өсөлт хөгжил, инновац, хүртээмжтэй нийгмийг бий болгох үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм” гэж онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр асрахуйн эдийн засгийн чиглэлээр олон улсын туршлагаас суралцахаас гадна, Монгол улсын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, төр-хувийн хэвшил, ИНБ-ын хамтын ажиллагаа нь цаашдын   урт хугацааны тогтвортой бодлого боловсруулах санал, зөвлөмж гаргах талаар хэлэлцэв. Монгол Улсад асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна тогтвортой эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чухал хүчин зүйл болохыг энэ удаагийн олон талт хэлэлцүүлэг онцоллоо. 

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org