НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр жендэрт суурилсан хүчирхийллийг эцэслэхэд залуучуудын оролцоог онцоллоо

November 28, 2023
UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2023 оны 11 сарын 28 – Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгээр Монгол Улсын Их Сургууль (МУИС) -тай хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь: Нийгмийн тогтсон буруу хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлэгт салбарын шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эцэслэхэд авч буй арга хэмжээ, мэдлэг туршлагаасаа хуваалцаж, жендэрт суурилсан хүчирхийллийн үндэс суурь болоод буй нийгмийн тогтсон буруу хэм хэмжээ, хэвшмэл ойлголтын сөрөг нөлөөний талаар МУИС-ийн оюутан залуучуудтай хуваалцлаа. 

Тус арга хэмжээ нь “Охид, эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийллийг эцэслэх Олон улсын Өдөр” болон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног”-ийн аяныг хүрээнд зохион байгуулагдсан ба энэ жил охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхийн чухлыг онцолж байна. 

Нийгмийн тогтсон буруу хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчилж, сайн сайхан ирээдүйг бүтээх гол хүмүүс бол залуучууд байдаг тул охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үндэс сууриар нь таслан зогсооход залуучуудын идэвхтэй оролцоо нэн чухал юм. 

МУИС-ийн Захирал Д.Бадарч “МУИС нь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чухал ач холбогдол өгөн ажиллаж байна. Хүйс харгалзахгүйгээр хүн бүрийн хувьд ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид нийгмийг бүтээх хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг бол боловсрол юм” хэмээн нээлтийн үгэндээ тэмдэглэлээ. 

UNDP Mongolia

Жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголт нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тулгараад буй томоохон асуудал юм. НҮБХХ-ийн хамгийн сүүлд нийтлэгдсэн Жендэрийн Нийгмийн Хэм Хэмжээний Индексээс харахад дэлхий дахинд 10 хүн тутмын 9 нь эмэгтэйчүүдийн эсрэг дор хаяж нэг өрөөсгөл ойлголттой байдаг байна. Мөн тайланд дэлхийн нийтийн хүн амын дөрөвний нэг нь нөхөр нь эхнэртээ гар хүрж болно гэсэн итгэл үнэмшилтэй байгааг дурдсан байна. Эдгээр асуудлууд нь түр зуурын эсвэл нэг удаагийн шийдлээр зохицуулагдах асуудал биш тул бүх талын нэгдсэн хичээл зүтгэл шаардлагатай. НҮБ-ын системийн хөгжлийн тэргүүлэх байгууллага тул НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь энэ чиглэлд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай ажиллаж байна. 

НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Хатагтай Лин Цао жендэрт суурилсан хүчирхийллийг эцэслэхэд эдгээр болон бусад олон томоохон сорилтууд тулгарч байгааг онцлоод “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь дэлхий даяар болон Монгол Улсад охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ажлыг урагшлуулах хүрээнд “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо”-г бий болгоход дэмжлэг үзүүлж, эдгээр хүчин чармайлтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Засгийн газруудад ТХЗ-уудтай төсөв санхүүгээ уялдуулах замаар энэ чиглэлийн ажлууддаа төсөв санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт анхааран ажиллаж байна. Мөн бид залуучуудад боловсрол, тэгш эрхийн мэдрэмжээр дамжуулан нийгмийн уламжлалт хандлагыг өөрчлөхөд түлхэц үзүүлж, илүү хүртээмжтэй, харилцан хүндэтгэлтэй нийгмийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээлээ. 

Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С. Зулпхар, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Доктор Халид Шарифи, "Эрчүүд, Эрүүл гэр төв" ТББ-н гүйцэтгэх захирал М. Цасчихэр, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын үйлчилгээний менежер Д.Санчир тэргүүтэй салбарын олон чухал зочид оролцож, нийгмийн хэвшмэл ойлголттой тэмцэх арга замуудын талаарх үзэл бодол, мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа. 

 

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 

UNDP Mongolia