Монгол улс Бизнес ба Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан Ази Номхон Далайн бүсийн дөрөв дэх улс боллоо
July 2, 2023
Улаанбаатар, 2023 оны 7 сарын 3: Монгол Улс хүний эрхийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг батласнаа албан ёсоор танилцууллаа. Ингэснээр Монгол Улс нь хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа дахин бататгаж дээрх цогц төлөвлөгөөг баталсан Ази Номхон Далайн бүсийн дөрөв дэх улс болж байна.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Европын Холбоо хамтран хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх Азийн хөтөлбөр нь Гадаад Харилцааны Яамнаас ахалж ажилласан Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилласан юм. Мөн хөтөлбөрийн дэмжлэгтэй хийгдсэн Бизнес ба хүний эрхийн Үндэсний суурь судалгаа нь дээрх төлөвлөгөөг гаргахад чухал үндэс суурь болсон ба хөгжлөөс “хэнийг ч үл орхих” зарчмын дагуу бүгдэд нээлттэй, бүгдийн оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлэхдээ “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Учир нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах нь манай улсын үнэт зүйл болохыг илтгэхийн зэрэгцээ хувийн хэвшил эрчимтэй хөгжиж, улс орон дэгжин дээшлэх үйл явцад хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах бодлогын орчныг бүрдүүлэхэд тус төлөвлөгөөний зорилго чиглэж байна.” гэлээ.
Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оноос 2027 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээ гэх арга хэрэгслийг арга практиткт нэвтрүүлэх, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх, гомдол барагдуулах механизмыг сайжруулах зорилготой юм.
НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмуудтай нягт уялдаа бүхий Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө нь бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэх бизнесийн үүрэг хариуцлага, мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төр болон хувийн хэвшлийн үүрэг, оролцоог тусгасан гурван тулгуур зарчмыг онцолж байгаа юм.
“Европын Холбоо нь дэлхий дахинд НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмуудын хэрэгжилтийг сайжруулахад онцгойлон анхаардаг бөгөөд Монгол Улс нь Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, албан ёсоор танилцуулж байгаа нь ихээхэн сайшаалтай байна. Энэхүү баримт бичиг нь Монгол улс дахь хүний эрхийг хамгаалах явдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён Марко Ферри онцоллоо.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич Монгол улсын Засгийн газрыг Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахад хүчин чармайлт гарган үүрэг амлалтаа хэрэгжүүлж байгаад талархал дэвшүүлээд, “Энэ бол маш чухал эхний алхам боллоо. Харин одоо Үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх нь Монгол Улсад хувийн хэвшлийн салбарт хүний эрхийг хүндэтгэх явдлыг бэхжүүлж, түгээн дэлгэрүүлэх гол цөм нь юм” хэмээгээд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
"Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах нь хүний эрхийг хөхиүлэн дэмжиж, хүндэтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс нь хүний эрхийг хүндэтгэх үүрэг амлалтаа илэрхийлж бүс нутагтаа энэхүү чухал алхмыг хийсэн дөрөв дэх улс болж байгаад баяртай байна” гэж НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Бангкок дахь Бүсийн төвийн Бизнес ба Хүний эрхийн мэргэжилтэн Шон Лийс онцоллоо.
Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгэм болон хөгжлийн байгууллагууд оролцсон бөгөөд Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогч талууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org