Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойг угтаж жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын ахиц дэвшлийг хэлэлцлээ

December 9, 2024
graphical user interface, website
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 12 сарын 9 – Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-тэй тэмцэх 16 хоногийн аян өндөрлөж буйтай холбогдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2019-2024), Монгол Улсын хэрэгжилтийн тайлан” сэдэвт салбар дундын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад яамдын төлөөлөл, хөгжлийн түншүүд оролцож, бүсийн түвшинд Монгол Улсын жендэрийн тэгш байдлын нөхцөл байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг тодорхойллоо. 

1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас батлан гаргасан Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой 2025 онд тохиож байна. Дэлхийн 189 улс оронд хэрэгжиж буй тус тунхаглал нь жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн чухал ач холбогдолтой баримт бичиг бөгөөд тунхаглалын хүрээнд тодорхойлсон шийдвэрлэх 12 чиглэлийн нэг нь “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” асуудал юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хэрэгжилтийн тайланд Бээжингийн тунхаглалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй сорилт бэрхшээл, сургамж, боломжит шийдэл бөгөөд цаашдын арга хэмжээг тодорхойлон тусгажээ. Тайлангийн агуулга, үр дүнг өнгөрсөн 11-р сард Тайландын Хаант Улсын Бангкок хотноо болсон "Бээжин +30"-ын хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын хурлын хүрээнд танилцуулсан ба 2025 оны 3-р сард болох Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дугаар чуулганы үеэр мөн танилцуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.  

a person standing in front of a television
НҮБХХ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Л.Энх-Амгалан “Бээжингийн тунхаглал нь Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтын гол чиглүүлэгч баримт бичиг. Энэхүү хэрэгжилтийн тайлан бол дан ганц илтгэл төдий бус бидэнд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж буй дохио. Салбар дундын үйл ажиллагааг уялдуулж, хамтын ажиллагааг дэмжсэнээр бид ахиц дэвшлийг хурдасгаж, Монгол Улсын охид эмэгтэйчүүдэд өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхэд нэг алхам ойртоно” гэв.

a man standing in front of a tall building
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь энэхүү хэрэгжилтийн тайланг боловсруулахад Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлж ажилласандаа таатай байна. Тус тайланд Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангаж, хүн нэг бүрд хүртээлтэй нийгмийг бий болгох замын зураглалыг боловсруулсан бөгөөд цаашид авах арга хэмжээг мөн тодорхойлон тусгасан” гэв.

Aзи Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Нийгмийн хөгжил, жендэрийн тэгш байдлын хэлтсийн дарга хатагтай Чай Чай “Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гарсан ахиц дэвшил нь олон талын хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Монгол Улсын туршлага нь үндэсний тэргүүлэх чиглэлүүд жендэрийн тэгш байдлыг хангах зорилтуудтай хэрхэн уялдаж, гайхалтай өөрчлөлтийг бий болгож чаддагийн тодхон жишээ юм” хэмээн онцлов. 

Оролцогчид Бээжингийн тунхаглалын зорилтуудыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж, жендэрийн тэгш байдлыг дэмжин, хэвшмэл ойлголтоос үүдэлтэй тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгахад талууд хамтран ажиллах нь чухал болохыг онцолж байлаа. 

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org | 9909-6434