НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуультай хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн оролцоог онцоллоо

April 4, 2025
Audience seated in a conference room, facing a large screen with a presentation.

Улаанбаатар хот, 2025 оны 4 сарын 4 – Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн (UNSW) зочин судлаачидтай хамтран “Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын гэр хорооллын эмэгтэйчүүдийг цахим болон зан үйлийн өөрчлөлтөд суурилсан арга хэрэгслээр дамжуулан чадавхжуулах боломж бололцоог судалсан судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулав. Энэхүү судалгаанд БНФУ-ын Засгийн Газар, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, URECA ХХК, Гэр Өргөө ТББ, НҮБХХ хамтран хэрэгжүүлсэн "Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьдралын чанарыг сайжруулах нь" төслийн үр шим хүртэгчид хамрагдсан юм.  

Эрчим хүчний хэрэглээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөө үзүүлдэг. Нүүрсэнд суурилсан эрчим хүч нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн боломжид илүү хүндрэл учруулж буй ч тус салбарын төлөвлөлт, шийдвэр гаргах явцад эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг хэвээр байна. 

“Digital Frontiers” судалгааны лабораторийн дэд профессор Кармен Леонгоор удирдуулсан Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн судалгааны баг НҮБХХ, URECA ХХК, “Гэр Өргөө” ТББ-тай хамтран сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд /эрчим хүчний хяналтын самбар, цахим туршлага хуваалцах сүлжээ зэрэг/ дижитал шийдлүүдийг ашиглах боломж бололцоог судалж байна. Түүнчлэн, цэвэр эрчим хүчний технологийн эмэгтэйчүүдийн хэрэглээнд нөлөөлж буй байгаль орчин, хувь хүний онцлог болон итгэл үнэмшил, хандлагатай холбоотой хүчин зүйлсийг тодорхойлж байна.

A woman stands at a podium in front of a presentation screen during a conference.
НҮБХХ

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь хүн төвтэй, жендэрийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Бид энэхүү хамтын ажиллагааны үр дүнгээс эмэгтэйчүүдийг шаардлагатай мэдлэг, мэдээлэл болон арга хэрэгслээр хангаж, чадавхжуулж чадвал тэд зөвхөн өрхийн түвшинд бус, цаашлаад орон нутагт болон улсын хэмжээнд ч цэвэр эрчим хүчний шилжилтийн манлайлагч болох боломжтой болохыг харж болно” гэв.

A man speaks at a podium during a conference, with audience members seated in front.
НҮБХХ

Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн “Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайллыг дэмжин ажиллаж буйдаа баяртай байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хүртээмжтэй, олон нийтийн оролцоонд тулгуурласан шийдлүүд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна” гэв. 

Зан үйлийн өөрчлөлттэй холбоотой судалгааны үр дүнг төслийн дараагийн үе шат болох Чингэлтэй дүүрэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Нарны илч” төслийн үйл ажиллагаа, өргөн хүрээний зорилтуудад тусгах юм. Энэ нь Монгол Улсад технологийн хувьд хүчирхэг төдийгүй бүх нийтэд хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй цэвэр эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org