
Дархан хот, 2025 оны 3 сарын 25 – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих олон талт хамтын ажиллагааны платформыг байгуулах төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тус платформ нь байгаль орчин ээлтэй арга замаар нэмүү өртөг шингэсэн ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд салбарын олон талт хамтын ажиллагааг бүрдүүлэн ажиллах юм.
Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих үндэсний зорилтуудтай уялдуулах зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь бодлогын уялдааг сайжруулах, гарал үүслийн тогтолцоог бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн худалдаа, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх замаар салбарын тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын мал аж ахуйн салбарыг илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох бидний хамтын зорилгын бодит илрэл юм. Энэхүү платформоор дамжуулан бид нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, малчдын амьжиргааг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, олон улсад өрсөлдөхүйц мал аж ахуйн салбарыг бий болгохоор зорьж байна” гэв.
Ноос, ноолуурын салбар нь Монгол Улсын эдийн засагт уул уурхайн дараа орох хоёр дахь томоохон салбар бөгөөд жилд дунджаар 350 сая ам.долларын түүхий эдийн экспортын орлого бүрдүүлж, 190,000 малчин өрхийг ажлын байр, орлогын эх үүсвэрээр хангаж байна. Гэсэн хэдий ч газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, дотоодын боловсруулах хүчин чадлын дутмаг байдал, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын хязгаарлалт, оролцогч талуудын уялдаа холбоо сул зэрэг нь салбарын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б. Даваадалай: “Цагаан Алт хөдөлгөөн нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой санаачилга юм. Тус санаачилга нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжин, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх байдлаар үндэсний алсын хараанд чухал ач холбогдолтой гурван чиглэлийг дэмжиж байна. Энэхүү олон талт хамтын ажиллагааны платформоор дамжуулан бид бодлого, инновац, хөрөнгө оруулалтын уялдаа холбоог сайжруулж, Монгол Улсын мал аж ахуйн салбарыг тогтвортой, нэмүү өртөг шингэсэн, олон улсын жишигт нийцсэн салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна” гэв.
“Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих олон талт хамтын ажиллагааны платформ нь төр засгийн байгууллагууд, малчдын хоршоо, хувийн хэвшил, ТББ-ууд, олон улсын хамтрагч байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих байдлаар дээрх сорилтуудыг шийдвэрлэхэд үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Үүнд, бодлогын уялдааг холбоог сайжруулах; түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих; үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх; тогтвортой санхүүжилт, техникийн чадавх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг орно.
“Цагаан алт хөдөлгөөн нь эдийн засгийн таатай боломж төдийгүй, хүртээмжтэй, тогтвортой хөгжил дэвшлийг бий болгоход чиглэсэн Монгол Улсын томоохон амлалт гэж харж байна. Төр, хувийн хэвшил, малчдын төлөөлөл, олон улсын түншүүдийг нэгтгэн, хамтын ажиллагааг бэхжүүлснээр бид Монгол орны байгалийн нөөц, баялгийг бүрэн гүйцэд боловсруулж, сайжруулан ашиглахын зэрэгцээ байгаль, экосистемийг хамгаалж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр зорьж байна” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска онцоллоо.
“Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих олон талт хамтын ажиллагааны платформыг НҮБХХ-ийн дэргэдэх Монголын тогтвортой ноолуурын платформын туршлагад үндэслэн байгуулах ба үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ахлуулсан, ХХААХҮЯ, НҮБХХ хамтран даргалах Удирдах хороо чиглүүлэн удирдана. Тус платформыг урт хугацаандаа инновац, шинэчлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, Монгол Улсыг малын гаралтай тогтвортой түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон болгох үндэсний механизм болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org
