НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй байхын чухлыг онцоллоо

March 4, 2024
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 3 сарын 5 –  ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. 

Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

СКАЛА хөтөлбөр нь 2021 оноос хойш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ҮТХН болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлт (ҮДЗТ)-ийн оролцоотой төлөвлөлт, түүний хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн сургалт нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоо, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөллийг онцоллоо. Семинарын үеэр оролцогчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны ач холбогдлын талаар хэлэлцэж, ҮТХН-т хөдөө аж ахуй, газар ашиглалтын чиглэлээр жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн тусгах талаар санал солилцон, хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлов.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн

НҮБХХ

Нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ, санаачилгуудад жендэрийн мэдрэмжтэй байдлыг тусгаж өгөх нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа зонхилж буй хөдөө орон нутагт ихээхэн ач холбогдолтой. Энэ салбарт эмэгтэйчүүдийн оруулж буй чухал хувь нэмрийг үнэлж, тэднийг чадавхжуулснаар илүү үр дүнтэй, тогтвортой өөрчлөлтүүдийг авчрах боломжтой” гэв.

Монгол Улс нь Парисын хэлэлцээрийн дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалтуудын хүрээнд ҮТХН зорилтдоо хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хуралдаанаар Монгол Улс нь “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг санаачлан батлуулсан нь энэ хүрээнд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг илтгэж байгаа юм. 

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам

НҮБХХ

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогуудад жендэрийн мэдрэмжтэй байдлыг тусгах нь зөвхөн эрх тэгш байдлыг хангаад зогсохгүй, бидний авч буй арга хэмжээний үр нөлөө, үр дүнг нэмэгдүүлэх болно. Энэхүү семинар нь Монгол Улсад хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын арга хэмжээг дэмжих бидний хамтын зорилгод томоохон ахиц дэвшил гарч байгаагийн нэгэн илрэл болж байна гэж үзэж байна” хэмээлээ.  

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

UNDP Mongolia

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэ зорилгыг биелүүлэхэд хамтын ажиллагааны чухлыг онцлоод, “НҮБХХ нь Монгол Улсад үр дүнтэй, жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх салбарт дэмжлэг үзүүлэн хөгжлийн явцаас хэнийг ч орхигдуулахгүй байхад анхааран ажиллах болно” гэв. 

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org