Монгол Улсын тогтвортой ирээдүйн төлөө уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын доройтол, цөлжилттэй тэмцэх нь
October 20, 2024
Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын доройтол, цөлжилт зэрэг өөр хоорондоо харилцан нягт уялдаатай асуудлууд жил ирэх тусам хурцаар тавигдаж байгаа билээ. Энэ цаг мөчид НҮБ-ын байгаль орчны гурван конвенциудын (UNCBD, UNFCCC, UNCCD) Талуудын бага хурлууд энэ долоо хоногт эхлээд байна. Эдгээр сорилтуудын хамтын үр дагавар нь улс орны эдийн засаг, байгаль орчин, ирээдүйн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй ба тэдгээрийг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд нэгдсэн, цогц арга барил шаардлагатай.
Монгол орны байгаль орчны сорилтууд нь алс хол, ирээдүйн асуудлууд огт биш. Бэлчээр түшиглэн амьдардаг малчдын өдөр тутмын амьдралд нь цөлжилт, талхагдлаас үүдэлтэй бэлчээрийн доройтлын үр нөлөө шууд мэдрэгдэж, амь амьжиргаа, уламжлалт амьдралын хэв маягт нь аюул занал учруулж байна. Ширгэсэн гол горхи, доройтсон бас хумигдсан бэлчээр, хүрээгээ тэлж буй цөлжилт гэх мэтээс энэ нөлөөллийг бэлхнээ харж болно.
Монгол Улсын Засгийн Газрын итгэлт түншийн хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь өнгөрсөн тавин жилийн хугацаанд олон улсын түншүүдтэйгээ хамтран Монгол Улсын тогтвортой, эрсдэл даах чадвартай ирээдүйн төлөө дээрх сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн нэгдсэн, цогц арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Биологийн олон янз байдал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах нь
Уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хэт өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас үүдэж Монгол орны экосистем, биологийн олон янз байдал эрчтэй доройтож байна. Орон нутгийн иргэдийн хувьд биологийн олон янз байдлыг хамгаалах нь зэрлэг ан амьтдыг хамгаалах төдий бус, ирээдүйгээ хамгаалах холбоотой асуудал байдаг.
НҮБХХ нь Европын Холбоо, ХБНГУ-ын Засгийн Газар, Канад Улсын Засгийн Газрын санхүүжилтээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн хэрэгжилтийг сайжруулж, байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар жилд байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах 5-6 сая ам.долларын нэмэлт орлого бий болно гэсэн тооцоолол байдаг. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого үр дүнтэйгээр нэмэгдэж, 2024 оны (байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах) зарцуулалтын төсөөлөл 22.4 сая ам.долларт хүрээд байна.
Монгол Улс нь 2022 онд байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах нэгдсэн зорилго болох “Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ”-г хэрэгжүүлэхээр нэгдсэн. Энэ хүрээнд НҮБХХ нь Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгээр биологийн олон янз байдлын эх үүсвэрийн алдагдлыг бууруулж, хомсдолын шалтгааныг арилгах зорилгоор биологийн олон янз байдлын гурав дахь үндэсний стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.
НҮБХХ-ийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сэргээн нутагшуулах ажлын үр дүнд нэгэн цагт устаж үгүй болох шахсан баданга хүдэр өдгөө тусгай хамгаалалттай газар нутагт чөлөөтэй бэлчих боллоо. Ховордсон ан амьтад сэргэж, тоо толгой нь дахин нэмэгдэж байгаа нь орон нутгийн иргэдэд ч мөн байгаль орчны сорилтуудыг даван туулж, эрүүл орчинд амьдрах итгэл, найдварыг төрүүлж байна.
"Энэ амьтан манай дэлхий дээр, Монгол оронд маань амьдардаг байсан юм шүү гэж үр хүүхдүүддээ номноос уншиж өгөхийн оронд амьдаар нь үзүүлсэн нь дээр биз дээ” хэмээн олон жил баданга хүдэр хамгаалах ажилд гар бие оролцож явсан байгаль хамгаалагч Галданжамц онцоллоо.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска санал нэгтэйгээр, “Биологийн олон янз байдал хүн төрөлхтөн, дэлхийн оршин тогтнох үндэс суурь нь болдог. Нэгэн төрөл зүйл устаж алга болоход тухайн зүйлээс хамааралтай олон амьтад оршин тогтнох үндэс сууриа алддаг. Тийм ч учраас бид байгальд ээлтэй амьдралыг хэв маягийг дэмжиж, хүн ба байгаль эв зохистой зэрэгцэн орших Монгол орныг бий болгохын төлөө ажиллах болно” гэв.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг бэхжүүлж, эрсдэлд даах чадвартай ирээдүйг бий болгох нь
Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.46°C-аар нэмэгдэж байгаагаас харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны нэг болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь газрын доройтол, усны хомсдол, зудын давтамж болон цар хүрээг нэмэгдүүлэн хурцатгаж байна. Түүнчлэн, агаарын температурын өсөлт нь эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулж байна.
НҮБХХ нь Уур амьсгалын ногоон сан, Европын Холбоо, ХБНГУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хот, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, даван туулах чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг шинэчлэн тодорхойлох, Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-г боловсруулах хүрээнд дэмжлэг үзүүлж байна. LT-LEDS нь хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжилд чиглэсэн үндэсний стратеги ба эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөх, шилжилт хийх хэрэгцээ шаардлагыг бий болгож буй юм.
Энэ хүрээнд хэрэгжүүлж буй томоохон санаачилгуудын нэг нь уур амьсгалын эрсдэлийн индекс, эрт зарлан мэдээлэх системийг бий болгох явдал юм. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, прогнозыг сайжруулах нь бэлчээрийн менежментийг илүү оновчтой болгож, нэмэлт тэжээлийн хөтөлбөрийг цаг тухайд нь хэрэгжүүлэхэд ач тустай. Түүнчлэн, нөлөөллийн цар хүрээг тооцож, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах шийдлүүдэд дүн шинжилгээг бодитой хийх боломж бүрдүүлж, хөдөөгийн малчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн бодлогын шийдвэрүүдийг гаргах боломжийг бий болгодог.
Цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь “цаг агаар ямар байх вэ” гэхээсээ илүүтэй “цаг агаарын өөрчлөлт нь ямар үр дагавар авчрах вэ” талаар мэдээлэл хүргэж, малчдад урьдчилан төлөвлөлт хийх, гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлж өгдөг.
Газрын доройтол, цөлжилттэй тэмцэж, амин чухал нөөц баялгийг сэргээх нь
Монгол орны нийт нутгийн 77 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалт, талхагдлаас үүдэж цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасаж, газрын гадарга эвдэрч сүйдэж байгаа нь бэлчээр нутагт түшиглэн амьдардаг малчин иргэдийн амьжиргаанд асар их дарамтыг учруулж байна.
НҮБХХ нь Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр татмын ойжуулалт, усны нөөцийн менежмент, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих замаар цөлжилттэй тэмцэж байна. Усны хомсдол ба цөлжилт нь нарийн уялдаа холбоотой байдаг. Усны сав газарт татмын ойн нөхөн сэргээлт, ойжуулалт хийх нь биологийн олон янз байдлыг хамгаалах, усны чанарыг сайжруулах, газрын гүний усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна урсцыг нэмэгдүүлж, улирал үл хамааран хангамжийг тогтворжуулдаг. Түүнчлэн, НҮБХХ нь булгийн эхийг хашиж хамгаалах, бага оврын хөв, цөөрөм, гадаргын ус хуримтлуулах байгууламж, худаг шинээр барих болон сэргээн засварлах ажлуудыг хэрэгжүүлж, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Цөлжилттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй бас нэгэн чухал ажил бол бэлчээрийн нөхөн сэргээлт юм. НҮБХХ нь төслүүдээрээ дамжуулан бэлчээрийг сэлгэн амраах, хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэж, нийтдээ 3,220 га газарт нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж байна. Бэлчээрийн сэлгээ нь газар нутгийн шим тэжээлийг нөхөн сэргээж, ургамлын төлжин ургах нөхцөлийг ханган, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Бидний ажлын үр нөлөө цаг хугацаа өнгөрөхийн хэрээр илүү ил тод харагдаж байна. Малчин айл өрхүүд усны хомсдол, бэлчээрийн доройтолд санаа зоволгүйгээр сэтгэл амар, илүү эрүүл соргог бэлчээр нутаг малаа бэлчээж, тогтвортой ирээдүйгээ бүтээхээр ажиллан амьдарч байна.
Харилцан уялдаатай асуудлуудад чиглэсэн харилцан уялдаатай шийдлүүд
Дэлхий нийт НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын 16-р бага хурал /UNCBD COP16/, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн Талуудын 29 дүгээр бага хурал /UNFCCC COP29/, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 16 дугаар бага хурлуудад /UNCCD COP16/ бэлтгэж буй энэ үед Монгол орны жишээнээс энэ бүх асуудлууд нь нягт уялдаа, холбоотой болохыг илхэн харж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй байдлыг бий болгоход эрүүл экосистем чухал. Харин биологийн олон янз байдлыг хамгаалж, эрүүл экосистемийг бий болгоход тогтвортой газар ашиглалт, бэлчээрийн менежмент шаардлагатай. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр, “Дэлхий нийт бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байна. Гэхдээ, ядуу, эмзэг бүлгийнхэнд энэхүү өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл хамгийн ихээр мэдрэгдэж байна.”
Хэдий тийм боловч, ард иргэд энэхүү сорилтуудаас ирээдүйгээ хамгаалах арга хэмжээнүүдийг хэдийн авч эхэлжээ. Тухайлбал, Монгол орны нүүдэлчин, малчин ард иргэд байгалийн гамшиг эрсдэл, түүний цар хүрээ, учруулах нөлөөлөлд хамгийн их өртөж буй ч, өөрчлөлтийг бий болгох зориг тэвчээр, мэдлэг мэдээллийг тээсээр байна. Олон зуун жилийн турш байгаль эхтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн нүүдэлчин, малчин ард иргэдийн уламжлалт арга ухаан нь дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын эсрэг тэмцэлд ашиглагдахуйц үнэ цэнтэй мэдлэг бөгөөд бидний тогтвортой, эрсдэлд тэсвэртэй ирээдүйн түлхүүр ч байж болзошгүй.
Энэ бүгдээс нэг л зүйл тодорхой байна: Бид хүн төрөлхтөн, байгаль дэлхийтэйгээ эв зохистой хамтран орших ирээдүйн төлөө яг одооноос эхлэн энэхүү харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэж эхлэх хэрэгтэй байна. Энэ ирээдүйг бий болгох нь хамгаас чухал, хамгийн үнэ цэнтэй.