
Улаанбаатар хот, 2023 оны 12 сарын 19 – Өнөөдөр, АНУ-ын Төрийн департментийн мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр Хууль, зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа Дотоод хэргийн их сургуульд боллоо.
Тус төсөл нь 2023 оноос 2025 оны хооронд хэрэгжих ба хоёр үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. Үүнд хууль сахиулах байгууллагуудын бодлого, дүрэм, үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандарттай уялдуулах; хууль сахиулах боловсон хүчнийг бэлтгэдэг гол байгууллага болох Дотоод Хэргийн Их Сургуулийг чадавхжуулах замаар хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүд орж байна.
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б. Солонгоо нээлтийн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлоох, хүний хөгжлийн асуудлыг чухалчилан заасан. Дээрх хөгжлийн бодлоготой уялдуулан манай салбарт хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх төслийн үйл ажиллагааг албан ёсоор нээж байгаад таатай байна” гэв.

Тус төсөл нь НҮБХХ-ийн Монгол Улсад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад хүрээнд хийж хэрэгжүүлсэн олон ажлуудын үргэлжлэл болон хэрэгжиж буйгаараа онцлог. Тухайлбал, НҮБХХ нь “Хүний Эрхийн Үндэсний комисс”-ын чадавхыг бэхжүүлэх, иргэдэд шударга ёс, эрх зүйн дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой байгууллага болох “Хууль зүйн туслалцааны төв”-ийг байгуулах замаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж байсан.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе ноён Жоэл Ортез “Хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх замаар ардчилсан зарчим, хүний эрхийг хамгаалах нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэл юм. Энэхүү төсөл нь АНУ-ын засгийн газар энэ чиглэл дэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаагийн илрэл юм” хэмээн онцоллоо.
НҮБХХ-ийн Орлогч Суурин Төлөөлөгч Хатагтай Лин Цао нээлтийн үгэндээ төслийн чухал ач холбогдлыг онцлоод “Хууль сахиулах байгууллагын хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь олон нийт болон хууль сахиулах байгууллагуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, олон талт байдал, хүртээмжтэй байдлыг дэмжих үндэс суурь болж, улмаар илүү хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын мэдрэмжтэй шийдвэр гаргалтад хөтөлнө” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org
